Улаанбаатар хот-210131, Хан-Уул дүүрэг, 12-р хороо 976-7049 2942 meesbul@vdl.gov.mn Холбоо барих Нэвтрэх

Малын эм, бэлдмэлийн чанартай үйлдвэрлэл, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ


 

"Малын эмийн бодлого, судалгаа, инноваци, зохистой хэрэглээ" шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн бага хурал 4 дүгээр сарын 27-нд ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Бага хурал мал эмнэлгийн эмиийн салбарын өнөөгийн байдал, малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, малын эмийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, технологийн дэвшил нэвтрүүлэх зорилготой. Мал эмнэлгийн хүрээлэнгээс санаачлан, ХХААХҮЯ-наас зохион байгуулсан бага хуралд МХЕГ, Мал эмнэлгийн эмийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх малын эм, бэлдмэл үйлдвэрлэлийн гарааны компаниуд, Малын эмийн фармакопэйн хороо зэрэг байгууллагын төлөөлөл, малын эмч нар оролцлоо.  

Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хугацаанд салбарын эрдэмтэд малын өвчин оношлох, эмчлэх, түүнээс сэргийлэх 120 гаруй эм, биобэлдмэлийг зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь мал сүргийг өсгөн үржүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чухал түлхэц үзүүлсэн” гэдгийг онцолсон. Шинжлэх ухаан, технологийн бага хурлын явцад малын эмийн эрх зүйн орчин, малын эмийн чанар, ханган нийлүүлэлт, малын эм ханган нийлүүлэх байгууллагын хяналтын тогтолцоо зэрэг олон чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд энэ үеэр Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн малын эм, бэлдмэлийг танилцуулж, 500 эмийн каталогийг оролцогчдод тараасан юм

Өнгөрсөн хугацаанд халдварт өвчний чиглэлээр 30 орчим вакцины технологи боловсруулжээ. Үүнээс, шүлхий, цусан халдвар, сохор догол, шөвөг яр, гүүний хээл хаялтаас сэргийлэх гэсэн зургаан төрлийн вакциныг үйлдвэрлэхэд бэлэн байна. Мөн паразит өвчний чиглэлээр 30 гаруй эм бэлдмэл, халдваргүй өвчнийг анагаах зорилгоор 128 эм, бэлдмэл зохион бүтээсэн нь мал эмнэлгийн салбарт гарсан томоохон дэвшил. Салбар яамнаас малын эм бэлдмэл, вакциныг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан дотооддоо үйлдвэрлэн, зөвхөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм бэлдмэлийг импортоор оруулж ирэн, худалдан борлуулах бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл малын эмийн үйлдвэрлэл, худалдаанд аль алинд анхаарал хандуулж байна гэсэн үг.

Одоогоор Монгол Улсад малын эм, эмнэлгийн хэрэгсэл  импортлох тусгай зөвшөөрөлтэй 74 аж ахуйн нэгж, нийслэл хотод 23 малын эмийн сан, аймгуудад малын эмийн ханган нийлүүлэх сүлжээ 22 аж ахуйн нэгж, хөдөө орон нутагт хувийн мал эмнэлэг үйлчилгээний 998 нэгжийн эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар мал, амьтны эмийн эмчилгээнд хэрэглэгддэг 826 нэр төрлийн эм, бэлдмэл улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Бүртгэгдсэн нийт малын эмийг үйлчлэлээр ангилж үзэхэд 27% нь паразитын эсрэг, 13% нь тэжээл боловсруулах замын болон бодис солилцооны эмгэгийг эмчлэх, 14% нь нянгийн эсрэг, 13% нь биобэлдмэл, үлдсэн 33% нь бусад үйлчилгээтэй эм эзэлж байна.

Малын эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосны дараа үйлдвэрлэх, импортлох, худалдах, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэх, гэрээ хэлэлцээрт тусгахыг зөвшөөрдөг. Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгож байна.

2018 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах зохицуулалтыг тусгаж өгсөн. Хуульд жороор олгох мал, амьтны эмийн жагсаалтыг батлах бөгөөд хэрэв жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлана. Мал, амьтны эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сорилт, баталгаажуулалт хийгдээгүй эмийг эргүүлэн татна, эсвэл устгана. Зөрчил гаргасан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ гэх зэргээр хариуцлагын механизмыг бүрдүүлсэн. Ингэснээр малын эмийн худалдаа, хэрэглээ хяналттай болох юм.

Цаашид “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг дагалдан гарах захиргааний хэмжээ тогтоосон актууд, “Малын эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан, батлуулах, малын эмийн зохистой хэрэглээг бий болгоход ХХААХҮЯ анхаарч байна.